Монголд анх удаа автомашины Био түлш худалдаанд гарлаа

2009-09-09 23:53

 

Өнөөдөр Улаанбаатар хотын авто замаар 120 мянга гаруй автомашин давхилдан, бидний амьсгалах агаарт тодорхой хэмжээний хортой, хоргүй утааг ялгаруулж байна. Нийслэлийн агаарын чанарын албанаас Улаанбаатар хотын агаарын чанарт хийсэн тандалт судалгаагаар автомашины яндангаас агаарт хаягдах утааны хэмжээ нь агаарын бохирдлын 20 орчим хувийг эзлэж байгаа нь тогтоогджээ. Мөн монгол улсад орж ирж байгаа ихэнх автомашинууд нилээд өндөр настай байдгаас дээрхи үзүүлэлт улам нэмэгдэж байна. Манай орны хувьд хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эх орны түүхий эдэд тулгуурласан бензинийг хэрэглээнд нэвтрүүлэх нь маш өндөр ач холбогдолтой юм.

Дэлхий нийтээрээ бензинийг орлох бүтээгдэхүүнээр байгаль орчинд халгүй, дахин сэргээгддэг хямд эрчим хүчний эх үүсвэр болох биоэтанолыг сонгож, ялангуяа сүүлийн жилүүдэд автамашины хэрэглээнд өргөнөөр нэвтрүүлж, хэрэглээ болон үйлдвэрлэлийг нь жилээс жилд эрчимтэйгээр улам сайжруулж байна.

 

"Петровис" ХХК болон "Оргил Ойл" ХХК-иуд хамтран Нийслэлийн агаарын албаны дэмжлэгтэйгээр нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор биоэтанол бүхий ЭКО бензиний хэрэглээг дэмжиж Экологийн цэвэр бүтээгдэхүүн Эко-92 шинэ бензинийг монголд анх удаа зах зээлд нэвтрүүлж байна. Хамтран ажиллагч талууд хангалттай хугацааны туршилт судалгаа амжилттай явуулснаар ЭКО-92 бензинийг автомашинд хэрэглэх явцад хөдөлгүүрийн эд ангид сайнаар нөлөөлөөд зогсохгүй, автомашин яндангаас гарах утаа, нүүрс хүчлийн дутуу исэлийн хэмжээ 30-40 хувиар буурч байгааг мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр баталгаажуулсан байна.

 

-Биоэтанолыг юунаас гаргаж авдаг вэ?

-Биоэтанолыг бидний сайн мэдэх цардуул, сахар агуулсан ямар ч төрлийн ургамалаас гарган авч болдогоороо давуу талтай. Жишээ нь: Эрдэнэшиш, чихрийн нишинг, чихрийн манжин, улаанбуудай, хөх тариа, цагаан будаа, арвай, төмс гэх мэт хүнсний ургамалуудын хаягдлаас гарган авч байсан бол одоо үйлдвэрлэх технологид дэвшил гарч хүнсний зориулалттай түүхий эдээс бус ургамалын ашиглагдахгүй үлддэг иш, навч, үндэс, сүрлээс түлшний этанол гарган авдаг болоод байна. Тэрчлэн модлог ургамалын хаягдал болон зэрлэг ургамалуудаас, мөн зарим этан, этилен зэрэг бодисуудаас химийн аргаар гарган авдаг.

-Манай улсад түлшний этанол зэрэг био түлшний үйлдвэрийг хөгжүүлэх боломжтой юу?

-Дэлхийн олон улсад фермерийн аж ахуй болон хот маягийн тосгодуудад зориулж бага чадлын биоэтанолын үйлдвэрийг ашиглаж байна. Фермерүүд тийм үйлдвэр худалдаж аваад, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийнхээ хаягдлыг түүхий эд болгон ашиглаж биоэтанол үйлдвэрлэж байна. Буудайны болон эрдэнэшишийн үр нь хүнсний үйлдвэрлэлд зарцуулагдаж, харин иш түрүүнүүд нь түлшний этанолд зориулагдах ёстой. Энэ тохиолдолд этанолын үйлдвэрлэл нь хүнсний бүтээгдэхүүнийг сүйтгэхгүй юм. Манай орон дээрхитэй адил этанол гарган авахдаа хүнсний үйлдвэрийн хаягдал, зэрлэг ургамал зэргийг ашиглахаас гадна хүнсний бус зориулалтаар төрөл бүрийн ургамал тариалан шатахууны зориулалтаар ашиглаж эхэлбэл шатахуун нийлүүлэлт нэмэгдэх боломж нээгдэнэ.

-Биоэтанол бүхий ЭКО-92 бензиний хамгийн гол давуу талууд?

-Биоэтанол бүхий ЭКО-92 бензин нь бидний хэрэглэж байгаа автобензинүүдээс нилээд хэдэн үзүүлэлтээр давуу талтай болох нь тус бензинийг турших явцад батлагдсан. Тухайлбал: Энгийн бензинтэй харьцуулахад автомашин улам хүчтэй, хурдтай болж, хөдөлгүүрийн инжектор, свечи, карбюратор, тэжээлийн систем, клапан, шатах камерын бохирдлыг багасгаж, элэгдлийг бууруулж, хөө тортог, нагар үүсэхээс сэргийлж, автомашины хөдөлгүүрийн ашиглагдах хугацааг ч уртасгах боломжтой төдийгүй шатахууны зарцуулалтыг тодорхой хэмжээгээр бууруулж байна. Биоэтанол нь ямарч утаа тортоггүй шатдаг учраас биоэтанол бүхий ЭКО-92 бензинийг ашиглах үед автомашины яндангаас ялгарах утаа, нүүрс хүчлийн дутуу исэлийн хэмжээ 30-40 %-аар буурна. Энэ нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр батлагдсан. Биоэтанол бүхий ЭКО-92 бензинийг хэрэглэхдээ хөдөлгүүрийн эд ангийг өөрчлөх, нэмэлт тоноглол тавих шаардлага байхгүй. ЭКО-92 нь химийн найрлагын хувьд өөр ч ашиглалтын шинж чанарын үзүүлэлтүүд нь Аи-92-тай адил учир Аи-92 бензин хэрэглэдэг бүх төрлийн автомашинд шууд л хэрэглэнэ. Урьд нь Аи-92-оор явж байсан, шатахууны үлдэгдэлтэй зэрэг нь ямар ч нөлөөгүй. Харин шатахууны бак хэт бохирдолттой тохиолдолд цэвэрлэх шаардлагатай.

-Бензин ба түлшний этанолын өрсөлдөөний түүхийн талаар?

-20-р зууны эхээс бензин, этанолтой удаан хугацааны турш өрсөлдөж ирсэн байна. Харин бензин нь 1930-д оны сүүлээр ялалт байгуулж чаджээ. Ингээд бараг дөчин жилийн турш био эрчим хүчний боломжийг мартсан байна. Гэхдээ одоо этанол хариу цохилт өгөхөд бэлэн болжээ. Түүх сөхвөл: 1826 он. Америкийн зохион бүтээгч Самюэль Мори анх удаа этанолоор ажилладаг хөдөлгүүр зохион бүтээжээ. 1876 он. Немецийн зохион бүтээгч Николас Отто дэлхийд этанолоор ажилладаг дөрвөн такттай дотоод шаталтын хөдөлгүүр зохион бүтээв. 1896 он. Америкийн зохион бүтээгч Генри Форд этанолоор ажилладаг өөрийн анхны автомашинаа бүтээжээ. (түүнийг “квадрицикл” гэж нэрлэдэг байв) Сонирхолтой нь тэр үед Форд үүнээс арваад жилийн өмнө бензин хөдөлгүүрээр ажилладаг автомашин бүтээсэн германий инженерүүд болох Карл Бенц ба Вильгельм Даймлер нарын туршлага дадлагыг үнэлж үзээгүй ажээ. 1908 онд Форд бензин, этанол болон тэр хоёр түлшний холимогоор ажилладаг алдарт “Модель Т” машинаа түүхэнд анх удаа бөөнөөр нь үйлдвэрлэн худалдаанд гаргав. Форд басхүү санхүү эдийн засгийн шалтгаанаар этанолыг хэрэглэсэн байна. АНУ-д иргэний дайны үед тогтоосон этанолын онцгой татвар 1861 оноос эхлэн үйлчилсээр байсан юм. 1906 онд этанолын татвар огцом буурч этанолын үнэ бензиний үнэтэй ойролцоо болжээ. Түүнээс гадна Форд фермерийн аж ахуй эрхэлдэг хүн байсан учир “этанолын” автомашин үйлдвэрлэл тариачдад тус дөхөм болно гэж үздэг байсан байна. 1899 он. Нутгийн газар тариалан эрхлэгчдийг дэмжих, импортын бүтээгдэхүүний эзэлхүүнийг багасгах зорилгоор Герман улсад этанол ба бензины үнийг зохиомлоор тэнцүүлсэн байна. 1907 он. Этанол ба бензины анхны үнийн тулалдаан болжээ. Техаст нефть олборлож эхэлсний дараахан нэг литр бензин 5 цент болтлоо хямдарчээ. Гэтэл нэг литр этанол 7 цент байсан юм. Хожим нь сахарын үйдвэрийн хаягдлаар этанол үйлдвэрлэснээс хойш үнэ нь буусан байна. 1914-1918 он. Дэлхийн Нэгдүгээр дайны үед дэлхийн ихэнх орны автомашинууд түлш болгон бензины зэрэгцээ этанол хэрэглэдэг байв. 1920-д оны эхээр. АНУ ба Европын олон оронд Koolmotor, Benzalcool, Moltaco, Lattibentyl, Natelate, Alcool, Agrol гэх мэт бензин ба этанолын холимог худалдаалагддаг байжээ. Франц улс нефтийн компаниуддаа импортолсон нефтийнх нь 10% тэнцэх хэмжээний этанол худалдаж авахыг үүрэг болгож байв. Үүний шалтгаан нь дэлхийн нефтийн нөөц хорин таван жилээс хэтрэхгүй гэсэн болгоомжлол байсан юм. Тэгэхэд этанолыг, бензинийг орлох цорын ганц бүтээгдэхүүн гэж үзэж байлаа. 1923 он. Нефть боловсруулагчид этанолыг хэрэглэж эхлэв. Америкийн Standart Oil компани октаны тоог нэмэгдүүлж, хөдөлгүүрийн ажиллагааг сайжруулахын тулд анх эхлэн бензинд этанол нэмлээ. Энэ зорилгоор бензинд ихэвчлэн 6-12% этанол нэмдэг байв. 1925 он. Европын ихэнх орнууд эрчим хүчний компаниудад бензин ба этанолыг холихыг үүрэг болгосон хууль гаргав. 1933 он. АНУ-д этанол үйлдвэрлэхийг дэмжлээ. “ Их Хямралын” жилүүдэд төрийн зүгээс ийм аргаар фермерүүдийн захиалгыг нэмэгдүүлэхийг хичээж байсан байна.

1937 он. Бензин этанолыг бүрмөсөн, эргэлт буцалтгүй ялах мэт болов. АНУ-д нэг литр бензин 5 цент байхад, нэг литр этанол 8 цент байсан юм. 1941-1945 он. Дэлхийн Хоёрдугаар дайны үед АНУ-д цэргийн бус байгууллагууд ба хувь хүмүүсийн хэрэгцээнд зориулагдсан бензинд 30-35% этанол нэмж өгч байв. Үүнтэй төстэй арга хэмжээг Их Британи, Швеци зэрэг улсад хэрэглэж байлаа. Дайн дуусч, нефтийн үнэ огцом буурсны дараагаас эхлэн этанолыг дахин сонирхохоо больж, зах зээлээс бүрмөсөн арчигдан алга болсон байна. 1974 он. Бизнес болон иргэдийг автомашины түлш болгон этанол хэрэглэхийг дэмжих зорилгоор АНУ-д анхны хууль тогтоомж гарав. Үүний шалтгаан нь 1973 онд арабын нефть экспортлогч орнууд АНУ, Япон болон Баруун европын орнуудад нефть нийлүүлэхийг зогсоон эдийн засгийн хориг арга хэмжээ авсантай холбоотой юм. Үүнээс болж бензиний үнэ тав дахин өсчээ. 1978 он. АНУ-д бензин ба этанолын холимог түлшийг зарж эхэлжээ. Энэхүү холимог нь цэвэр бензинээс 33% хямд байсан юм. Энэ нь Холбооны улсаас үзүүлж байсан татварын хөнгөлөлттэй холбоотой байв. Хожим нь татварыг хөнгөлөлтийг улам нэмэгдүүлсэн юм. 1979 он. Этанолыг автомашины түлшний нэмэлт болгон хэрэглэж байгааг түүнтэй төсөөтэй холимгууд үйлдвэрлэдэг эрчим хүчний хамгийн хүчирхэг компаниуд сонирхож эхлэв. Анхны салхийг Amoco кампани хагалсан бол түүний араас Ashland, Chevron, Beacon, Texaco зэрэг компаниуд дагалдлаа. 1980-1984 он. АНУ биоэнергетикийг хөгжүүлэхэд зориулсан төслүүдэд үзэгдэж дуулдаагүй их хөрөнгө буюу 1 тэрбум шахуу ам.долларын хөрөнгө оруулалт хийв. Тэр үед АНУ-д этанол үйлдвэрлэдэг 10 үйлдвэрийн газар ажиллаж байсан бөгөөд 1970 онд нэг ч тийм үйлдвэр байгаагүй юм /1984 онд энэ чиглэлийн үйлдвэр 160 гаруй болсон билээ/. Америкийн бизнесменүүд дорвитой хөнгөлөлт үзэж байв: Этанолын үйлдвэр байгуулахад зарцуулсан татвар төлөх хөрөнгийн 90% -г татвараас чөлөөлжээ. Түүгээр ч барахгүй холбооний агентлагууд үйлдвэрлэсэн этанолын ихэнх талыг нь худалдаж авах үүрэг хүлээв. Тэрчлэн гадаадын этанол үйлдвэрлэгчдийн зүгээс дарамт шахалт үзүүлэхийг хязгаарлахын тулд гаалын татвараа нэмж, этанолыг дамжуулан худалдахыг хоригложээ. Гэлээ ч гэсэн 1980 оны дундуур олон тооны этанол үйлдвэрлэгчид бизнесээ орхиход хүрсэн юм. Шалтгаан нь бензиний үнийн огцом уналтаас болж байв /1985 онд этанолын үйлдвэрүүдийн талаас илүү хувь нь хаагдсан билээ/. Хожим нь АНУ нэг бус удаа этанол үйлдвэрлэгчдэд хөнгөлөлт үзүүлж байсан юм. 1988 он. Этанолыг шинээр сонирхсон давалгаа эхлэв. АНУ-д эмиссийн түвшинг тохируулах хууль гарлаа. Этанол нь автомашины хортой утааг багасгах туйлын тохиромжтой нэмэлт болов. Хожим нь томоохон хотууд, ялангуяа утаа тортог ихтэй хотын нийтийн тээврийн хэрэгсэлд бензин этанолын холимогийг заавал хэрэглэх болсон байна. 1989 он. Дани улсад улс үндэстнийхээ хэмжээнд этанол бензиний холимогийг хэрэглэж эхлэв. 1995 он. АНУ-д эрдэнэ шишийн ургац муудсанаас этанолын үнэ хоёр дахин өсжээ. 1997 он. АНУ-н автомашины үйлдвэрүүд бензин этанолын Е85 холимогийг түлш болгон хэрэглэдэг автомашинуудыг үйлдвэрлэв. Гэвч жолооч нар ихэнх ШТС-д нь Е85 байдаггүйгээс болж бензиныг үргэлжлүүлэн хэрэглэсээр байлаа. 2003 он. АНУ-н хэд хэдэн мужид автомашины паркаа этанол түлштэй болгох хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. 2004 он. Дэлхий дээр нефтийн үнэ 80%, АНУ-д бензины үнэ 30%, дизелийн түлш 50% өслөө. Америкийн этанол үйлдвэрлэгчид рекордыг тогтоов. Нефтийн томоохон компаниуд этанолын үйлдвэрлэдэг компаниудад хөрөнгө оруулж эхэлжээ. Энэ цаг мөчөөс өнөөдрийг хүртэл түлшний этанолын үйлдвэрлэл, хэрэглээ жил ирэх тусам өсөн нэмэгдэж байна.

-Биоэтанол бензиныг одоо хаана хэрэглэж байна вэ?

-Сүүлийн жилүүдэд ялангуяа АНУ, Бразил, Англи, Герман, Франц, Итали, Польш, Швед, Канад, Ирланд, Австрали, Хятад, Япон, Энэтхэг, Тайланд, Казакстан, Саудын Араб зэрэг дэлхийн 30 гаруй оронд өргөнөөр хэрэглэж байна. Тэдний талаар товчхон өгүүлбэл:

2006 оны хавраас эхлэн их гүрнүүдийн дотроос хамгийн түрүүнд Бразил улс нефть импортлохоос татгалзсан юм. Одоогийн байдлаар Бразилийн автомашины паркийн 70% нь түлшний этанол агуулсан бензинийг үндсэн шатахуунаа болгон ашиглаж байна. Этанолын үйлдвэрлэл, ашиглалт, экспортоороо өнөөдрийг хүртэл Бразил улс дэлхийд тэргүүлсээр ирсэн юм. Түлшний этанол Бразил улсыг эрчим хүчний хараат бус улс болох боломжтой болгосон байна. Энэ туршлагыг Швед улс 2020 он гэхэд бүрэн хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөн эрчимтэй ажиллаж байна. Харин Америкийн нэгдсэн улсын одоогийн удирдлагууд түлшний этанолыг үндэсний үйлдвэрлэрийн тэргүүлэх чиглэл болгон зарласнаар үйлдвэрлэл нь хурдацтай хөгжиж байна.

Япон улсад түлшний этанолын түүхий эдийг тариалах газар нутаг бага тул жил бүр Бразил улсаас 1,8 сая тонн түлшний этанолыг импортлодог ба энэ жилээс хэрэглээг 3 дахин нэмж 6 сая тонн болгоод байна Мөн Казахстан улсын нефтийн батлагдсан нөөц 44 жил хүрэлцээтэй гэж тооцогддог ч Казахстаны удирдлагууд нефтийн бүтээгдэхүүний дотоод хэрэгцээнийхээ 30%-г л этанолоор орлуулснаар уул-геологийн нэмэгдэл зардал гаргалгүйгээр уг хугацааг 80 жил хүртэл нэмэгдүүлэх боломжтой гэж тооцоолон түлшний этанолын үндэсний хөтөлбөр боловсруулжээ. Бусад нефтьтэй орнууд ч гэсэн бодлогоо өөрчилцгөөж байна. Дэлхийд батлагдсан нефьтийн хамгийн их нөөц Саудын Арабт байдаг. Гэтэл тэнд ч гэсэн түлшний этанолын үйлдвэрлэлийг аль хэдийнээ эхлүүлжээ.

Одоо дэлхий дээр үйлдвэрлэгдэж байгаа 100 машин тутмын 5 нь зөвхөн түлшний этанолоор ажиллаж, 30 нь 85% хүртэл агуулга бүхий бензин этанолын хольц хэрэглэж байна. Жишээ нь АНУ-д Е-85 хөтөлбөр боловсруулагдаж, идэвхтэй нэвтэрсээр байна.

Түлшний этанол, Эко бензин нь байгаль орчин, машин техникт эерэг сайн нөлөөтэй, дахин сэргээгддэг нөөцөөс үйлдвэрлэдэг, үнэ өрсөлдөхүйц зэрэг олон давуу талтай улмаас дэлхийн улс орнууд автобензинд заавал хэрэглэж байхаар хуульчсаар байна.

-Монгол улсад этанол бүхий бензиний стандарт бий юу?

-2008 онд Стандарчлал хэмжил зүйн үндэсний төвөөс "Албадмал асаалттай автомашины хөдөлгүүрт зориулсан моторын этанолт түлш" MNS GOST R 52201:2008 стандартыг батлан гаргасан бөгөөд бидний нэвтрүүлж байгаа ЭКО-92 бензин нь энэхүү стандартын бүх үзүүлэлтийг хангаад зогсохгүй зарим үзүүлэлтээр давуу байна.

-Харин Монгол улсад түлшний этанолын хэрэглээ, үйлдэрлэл?

-"Петровис" ХХК болон "Оргил Ойл" ХХК-иуд хамтран Нийслэлийн агаарын чанарын албаны дэмжлэгтэйгээр түлшний этанол бүхий ЭКО бензиний хэрэглээг дэмжиж, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор "Оргил Ойл" ХХК-ийн сүүлийн 5 жилийн хөдөлмөр зүтгэлийн үр дүнд бүтээсэн түлшний этанолын үйлдвэрийг түшиглэн ЭКО-92 шинэ бренд бензинийг монголд анх удаа зах зээлд нэвтрүүлэхэд бэлэн боллоо. Хангалттай хугацааны туршилт судалгаа амжилттай явагдснаар ЭКО-92 бензинийг худалдаанд гаргаж байна. ЭКО-92 бензиний хэрэглээтэй уялдан түлшний этанол дагасан бусад салбарууд хөгжиж эхлэх бүрэн боломжтой болно.

"Петровис ХХК-ийн чанар технологи хариуцсан ахлах мэргэжилтэн,

Химийн ухааны доктор (Ph.D) Б.Даваацэрэн, "Оргил Ойл" ХХК-ий захирал Д.Ганзориг

 

 

http://www.gazar.mn/, http://arslan.blog.mn/

Ангилал : Мэдээ | Нийтэлсэн : Өнөрөө | Уншсан (794) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. odnoo :
    2010-11-06 11:57

    ene kompani zaxiral ganzorig tand amjilt xusie

  2. orgil :
    2010-11-06 11:52

    sain baina ene orgil oil gedeg kompani xana baidag ym bol

  3. orgil :
    2010-11-06 11:52

    sain baina ene orgil oil gedeg kompani xana baidag ym bol

  4. happy :
    2010-01-16 23:11

    Sain baitsgaanuu ene orgil oil kompanii sait ni yu yum boloo orj uzmeer bn.mun ene kompanii talaar medeeleltei boloh gesiin

  5. Өнөрөө :
    2009-09-10 01:09

    Үнэ нь бусад шатахуунаас хямдаар худалдаалагдах юм гэсэн.

  6. martin :
    2009-09-10 00:45

    sain baina mongolchuudaa demjij baina harina vniin tal deer uyan hatan bodlogo barimtlah heregtei shvv amjilt hvsie

Сэтгэгдэлийн тоо : 6

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл